ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНЫ ТӨЛӨӨ

ӨНӨӨДӨР БИД СОНГУУЛИЙН ПРОПОРЦИОНАЛЬ, МОЖАРОТАРИ СИСТЕМИЙН ТУХАЙ ЯРИХ БОЛООГҮЙ БАЙНА

  Манайд сонгуулийн можаротари эсвэл порпорциональ системын алийг хэрэглэх нь илүү байх талаар улс төрчид их маргалдаж байгаа. Уг нь манай сонгуулийн үр дүн байнга хэрүүл дагуулдаг нь сонгуулийн системдээ гол нь байгаа юм биш, харин түүнийг яаж хэрэгжүүлж байгаа арга механизмдаа байгааг төрийн түшээд муу ойлгоод байх шиг байна. Хэрэв 2008 оны сонгуульд өнгөрсөн сонгуулийн адил луувир, булхиагаа хэрэглэх юм бол ямар ч системээр сонгууль явуулаад нэмэр болохгүй нөгөө л “алтан шаахай өмсгөсөн ч алцгар майга нь арилахгүй” гэдэгтэй л адил юм болно.

Манайд сонгуульд нэр дэвшиж байгаа хүн сурталчилгааныхаа ажилд их зардал гаргадаг. Түүнээс гадна нэр дэвших эрх олж авахын тулд түүнээс ч дутахгүй зардал гаргана. Энэ нь намын үндэсний зөвлөлдөх хороо ч юмуу бага хурлын гишүүн байхын тулд жил бүр их хэмжээний мөнгө төлдөг, тэгээд нэр дэвших эрх олж авахын тулд мөн мөнгө төлдөг гэх мэтийг хэлж байгаа юм.

Иймд мөнгөгүй хүн бол хичнээн мэдлэг чадвартай байсан ч, хичнээн эх орныхоо төлөө зүрх сэтгэлтэй байсан ч их хуралд нэр дэвших, сонгогдох боломж байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл ямар нэг хэмжээгээр их хэмжээний мөнгө олсон хүн л улс төрд орж төрийг удирдана гэсэн үг. Харин тэр их хэмжээний мөнгө шударга замаар олдоно гэвэл бараг үгүй гэж хэлж болно. Тэгвэл төрд буруу замаар мөнгө олж чаддаг, “луйварчид” гарахаас өөр аргагүй болгочихсон юм биш үү.

Яагаад ийм болчихвоо гэхээр манай сонгуулийн систем тийм болчихжээ гээд толгой сэгсэрнэ. Тэр систем нь хаанаас тийм болчихсон юм бэ гэвэл хууль гаргаж байгаа хүмүүс өөрөөр хэлбэл энэ сонгуульд ялж гарсан хүмүүс ийм систем бий болгосон ба энэ системийг үгүй болгох сонирхолгүй байгаа явдал юм.

            Сонгуульд нэр дэвшин өрсөлдөхийн тулд манайхан эхнэрээ худалдахаас наахнуур арга хэрэглэж, өр зээл тавин байж хэдэн төгрөг олдог, мөн дээр нь хандив цуглуулдаг ба тэр нь хандив өгөгчдийг том албан тушаалд тавих, эсвэл тэдэнд төрийн мөнгийг идэх боломж олгохоо амлаж байж бүтнэ. Эд бүгд өр. Хэрэв тэр нэр дэвшигч маань сонгогдвол эхний ээлжинд тавьсан өрөө төлөх асуудал нь сонгогдсон өдрөөс нь эхлээд зовоож өгнө.

              Уг нь их хурлын гишүүнд цалин хангамжаас өөр орлого байх ёсгүйгээс гадна аль нэг хүнийг албан тушаалд томилох эрх бас байдаггүй. Гэтэл өрөө яаж төлөх билээ. Тиймээс хууль бус ажилд хутгалдаж эхэлдэг. Тэр нь замраад юун улс эх орон, ард түмнийхээ төлөө ажиллах тангараг, мангараг хамаагүй болж өөрийгөө аврахын төлөө ажиллахаас өөр аргагүй болно. Өөрийгөө аврах ажил нь амжилттай болоод өр ширээ төлчихвөл “одоо эх орныхоо төлөө ажиллая” гэж эргэх цаг өнгөрчихсөн байдаг ба амжилтандаа амтшан улам шунаж эхэлдэг нийтлэг дүр зураг харагдаад байдаг.

            Хууль баталж байгаа хүмүүс нэгэнт их мөнгө зарж их хуралд гарсан тул их хурлын гишүүн байхын ашиг тус өндөр байх шаардлагатай болдог. Иймээс тэд их хурлын гишүүн нь Засгийн газрын гишүүн байж болох заалтыг бий болгоод түүгээр дамжуулж улсын төсвийг ээлжлэн идэх ажил хийдэг. Нэгэнт энэ нь их хурлын гишүүдэд ашигтай учир түүнийг өөрчлөх эрх нь хэдийгээр тэдэнд байдаг боловч нэг ч гишүүн үүнийг өөрчлөх санал гаргадаггүй.

            Уг нь их хурал нь Засгийн газрынхаа төлөвлөгөө, тайланг хэлэлцэн баталж, ажилд нь хяналт тавьж ажилладаг байтал одоо холилдчихсон. Улсын их хурлын гишүүн Засгын газрын гишүүнийг нэг хүн хамт хийнэ гэдэг чинь Улсын их хурлын гишүүн нь тийм хийх ажил багатай хүн байдаг байна уу эсвэл Засгын газрын гишүүн гэж тийм хийх юмгүй хүн байдаг юм уу. Эсвэл Улсын их хурлын гишүүдийн тоо нь олдчихоод заримыг нь Засгын газрын гишүүн болгож хурлаас чөлөөлөх шаардлага гараад байдаг юм уу. Ер нь ч манайд 76 гишүүн байна гэдэг арай олондоод байгаа санагддаг. Одоогийн их хурлын хуралдааны ирцийг харахад голдуу 50 хүнтэй хуралддаг юм бишүү.

            Сонгуулийн тухай хуулийн нэг концепц нь сонгуульд нэр дэвшихэд заавал их мөнгө зарахгүйгээр, нэр дэвшигчийг сонгохдоо тэдний төрийг удирдах мэдлэг чадвар, түмний төлөө гэсэн сэтгэлээр нь сонгох нөхцлийг бүрдүүлэхэд орших юм.

Үүний тулд: 1.Улсын их хурлын гишүүний эрх үүргийг мөн нэр дэвшигчийн амлаж болох ба болохгүй зүйлийг, сонгуулийн тухай хуулийг, мөрийн хөтөлбөр гэж юу болох, ямар агуулгатай байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилахыг хуульчилж өгөх шаардлагтай байдаг /Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 9,3 дахь заалтыг өргөтгөх/.

Өнөөдөр  сонгуулийн үеэр нэр дэвшигчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд их хурлын гишүүний эрх үүргийг зөв сурталчилдаггүй, тэднийг тойргыхоо иргэдэд туслах үүрэгтэй, тухайн тойргын элч төлөөлөгч мэтээр нийтэд ойлголт төрүүлдэг тул сонгогчид мөнгө өгөх юмуу тойрогтоо ямар нэг зүйл хийж өгсөн, тойрогтоо хөрөнгө оруулалт хийдэг хүнийг үүргээ сайн биелүүлдэг сайн гишүүн гэж ойлгодог болсон.

2. Бага зардлаар нэр дэвшигч сурталчилгаагаа хийх, тэдний мэдлэг, чадвар, түмний төлөөх сэтгэлийг таньж мэдэх механизмыг сонгуулийн хуульд суулгаж өгөх шаардлагатай байдаг. Үүний сонгодог арга нь халз ярилцлаг зохион байгуулах юм. Үүний тулд тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд төрөл бүрийн хэлбэрээр 3-аас доошгүй удаа телевизийн болон сонины халз ярилцлагыг зохион байгуулах ба зардлыг нь улсаас дааж / Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 10,1 дахь заалтыг өргөтгөх/, бичлэгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэллээр болон нэр дэвшигч нар хувиараа сурталчилах боломжийг олгох, харин халз ярилцлагын агуулгыг өөрчлөн сурталчилсан тохиолдолд тухайн нэр дэвшигчийн нэрийг татах хүртэл арга хэмжээ авахаар хуульчилах шаардлагатай юм. Энэ арга нь нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг сонгогчид таньж мэдэх хамгийн хямдхан арга бөгөөд өөр ямар нэг сурталчилгаа хийхгүйгээр уг халз ярилцлагуудыхаа бичлэгийг хүн бүрд хүргэн, сурталчлах ажил хийх нөхцөлд бага зардлаар сонгуульд оролцох боломжтой болох ба сонгогчид нэр дэвшигчдээс хамгийн сайныг сонгох магадлал өндөр байх болно.

3. Сонгуулийн үед гардаг элдэв булхиа, луйврын аргуудыг гаргахгүй байх талаарх зохицуулалтыг хуульд нарийн зааж өгөх шаардлагатай. Жишээ нь: Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хууль бус сурталчилгаа явуулах, сонгогчидыг төөрөгдүүлж санал авах, санал худалдаж авах, сонгогчидын нэрсийн жагсаалтыг буруу гаргах, хүнд давхар иргэний үнэмлэх бичиж өгөх, хүмүүсээр давхар санал өгүүлэх үйл ажиллагаа байнга явагддаг боловч ингэсний төлөө ногдуулах хариуцлага гэж байдаггүй тул сонгууль явагдсаны дараа хүн бүр, нам бүр сонгууль хууль бус явагдсан тухай яриад байх боловч тэнд буруутан нь олддоггүй бүх нам хохирогчид болж хувирдаг, жүжиг тоглогддог ба түүний гол шалтгаан нь хуульд энэ асуудлыг зохицуулах механизм тодорхой бус, ямар арга хэмжээ авах нь тусгагддаггүйгээс бүгд л хий дэмий ярьж байгаад л нам жим болдог.

            Хэдийгээр сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчтэй холбоотой зарим заалтыг зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар заасан байдаг боловч дээр дурдагдсан булхиатай үйлдэлд иргэн албан тушаалтныг 200 мянга хүртэл, нам эвслийг 900 мянга хүртэл төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар заасан байна. Энэ нь сонгуульд зарцуулагдаж байгаа мөнгөний дэргэд өчүүхэн зүйл бөгөөд санаатайгаар булхиа хийлгээд л уг торгуулийн мөнгийг нь төлчихөөд ялалт байгуулах боломжийг бий болгосон байна.

Иймд сонгуулийн хуулинд нэр дэвшигчийн саналын тоонд нөлөөлөх зөрчил бүрд нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хасах, түүнд өгсөн саналыг хүчингүй болгож авсан саналын тоогоор 2 дугаарт орсон нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох буюу уг нэр дэвшигчийг хасан дахин санал хураах эсвэл зөрчил гаргагчийг эрүүгийн хариуцлагад татах арга хэмжээ авахаар заах нь зүйтэй байна.

Нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаснаас хасах арга хэмжээ авах үед  сонгууль эхлэх хүртэл саналын хуудсыг солих хугацаа байхгүй байх тохиолдолд мөн санал хураасны дараа дээрх зөрчил илэрсэн нөхцөлд уг асуудлыг яаж шийдэх талаар хуульд заагаагүй байна.

Мөн сонгуулийн хуулинд гадаадад амьдарч байгаа иргэд санал өгөх эрхтэй талаар тусгасан боловч түүнийг хэрэгжүүлэх механизм нь тодорхой бус тусгагдсанаас булхиа гарах бас нэг нөхцөл бий болсон ба нэр дэвшигчийг өөрийн эрх хэмжээнээс давсан зүйл амласан нөхцөлд ямар арга хэмжээ авах талаар тусгаагүй байна.

            Сонгуулийн тухай хуульд бие даан нэр дэвших нөхцөлд 801 хүний дэмжлэг авсан байх ба тэр нь тухайн тойргийн сум, баг, хороо бүрээс төлөөлөл орсон байх тухай заасан нь бие даан нэр дэвшигчийг хавчих маягтай заалт болжээ.

            Эдгээр асуудлаа цэгцлээгүй байж сонгогчидын боловсрол муу байгаа тухай болон сонгуулийн системийг өөрчлөхгүй бол болохгүй байгаа талаар ярих нь эртэдсэн асуудал гэж үзэж байна.

            Иймд сонгуулийг будлиангүй явуулахыг эрмэлздэг, төрийн системийг эрүүлжүүлэхийн төлөө сэтгэлтэй гишүүдийг Сонгуулийн тухай хуульд дээрх агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулах төслөө боловсруулж өргөн барихыг уриалж байна.  

 

 

 

                                                Г.Батсайхан. Утас 99098268                

                        2007-12-20.

04:52 - 2008-04-02 - Сэтгэгдэл бичих

гоё шүү

Зочин - 23:37 - 2010-11-17

Уриан дор нэгдэж байна !
Энгийн үгээр сайхан бичиж.
гоё шүү

Е.Номин (зочин) - 00:37 - 2010-05-03

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Монгол улсад хариуцлагын тогтолцоог бий болгож, төрийн механизмыг эрүүлжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах, ард нийтийн санаа бодлыг тусгуулах үйлст хүчин зүтгэх.


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ СОЛИОРЛЫГ ХАРИУЦЛАГЫГ НЬ ӨНДӨРЖҮҮЛЭХ ЗАМААР АРИЛГАХ
- Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх
- ЭНЭХҮҮ ДҮРМИЙГ БОЛОВСРУУЛАХ БОЛСНЫ УЧИР
- Төрийн албаны хариуцлагын тухай хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлал
- Засгийн газрын бүтцийг сайжруулах тухай.

Найзууд



:-)
 
xaax